Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь" буюу "Ногоон Толь"


Author_editor "Монгол хэлний товч тайлбар толь" -ийн зохиогч, редактор хоёр [1966 оны үе].

(Зүүн гар талаас. Я.Цэвэл, Х.Лувсанбалдан)

Я. Цэвэлийн эрдэм номын үйл ажиллагаа, гол бүтээл

Я. Цэвэл 50 гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийхдээ Монгол хэлний үгсийн сан, найруулгазүй, түүх, угсаатны судлал, түүхэн газарзүй, соёл, монголын шинжлэх ухааны түүх, сурган хүмүүжүүлэх салбараар ажиллаж бие даасан ном, товхимол, өгүүлэл олныг нийтлүүлсэнээс гадна энэ хэр нийтийн хүртээл болж хэвлэгдэн гараагүй бүтээл нэлээд буй. Тэдгээр бүтээлүүд нь дараа дараагийн үеийнхиний судлагааны ажлын суурь болсоор ирсэн билээ. Тухайлбал: "Монгол хэлний товч тайлбар толь" нь 1966 оноос хойш дэлхийн олон оронд гарсан монгол хэлтэй холбогдол бүхий тольд үндсэн хэрэглэгдэхүүн болсоор иржээ. Уг толь 2002 онд монгол бичигээр БНХАУ-д дахин хэвлэгджээ.

Үүнээс гадна 1936-1937 онд хэвлүүлсэн номзүйн хоёр бүртгэл нь монголд шинэ цагийн Номзүйн суурийг тавьсан гэж үздэг.


Намтарын хураангуй

Ядамжавын Цэвэл (1902 - 1984)
Төрсөн он: 1902. 7. 30 (Паспортод тэмдэглэсэнээр)
Төрсөн газар: Сайн ноён хан аймагийн Чин сүзэгт номун хан хутагтын шавь, одоо Баянхонгор аймагийн Галуут сумын нутаг, Талын толгой
Яс үндэс: Монгол
Нас нөгчсөн: 1984 оны 8-р сарын 17-нд Улаанбаатар хотноо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Боловсрол
1910: Мандалын хүрээнд шавилан суужээ.
1915: Чин сүзэгт номун хан хутагтын Шавьд байгуулсан сургуульд сурагч
Эрхилж ирсэн ажил
1917: Чин сүзэгт номун хан хутагтын Шавийн тамгын газарт тал бичээч, бичээч
1923: Засагийн газар бичээч, нягтлан бодогч
1924: Цэцэрлэг Мандалын аймагт суух Засагийн газарын төлөөний түшмэлийн туслах, төлөөний түшмэл
1926: Ардыг Гэгээрүүлэх Яамнаа Ардыг боловсруулах хэлтэсийн хэлтэсийн дарга, мөн Яамны Эрхилэсэн түшмэл (буюу одоогийнхоор дэд сайд) бөгөөд Гадаадад суралцагчдыг эрхилэсэн комиссын нарийн бичигийн дарга
1929: Монголын уран зохиолчдын анхны бүлгэмийн гишүүн
1929: Судар бичигийн хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэн, одоогийн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий хэлтэс, Улсын Архив, Номын санд газар, тасагийн эрхилэгч, дарга, эрдэм шинжилгээний ажилтан, ЭШ-ний ахлах ажилтан (Энэ үедээ Гадаад Явдалын Яамнаа нэгэн хэсэг хавсран ажиллаж байжээ)
1978: Өндөр насны тэтгэвэрт
Багшлах ажлын талаар
1926-1930: Оюутны сургууль, Багш нарын давтан сургууль, Нутагийн захиргаа болон цааз хуулийн сургууль, Нягтлан бодох санхүүгийн түр сургууль, дундад сургууль;
1934/1937: Цаг уурын тэмдэглэгч нарын түр сургууль; Номын санч нарын түр сургууль;
1938: Эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх түр сургууль;
1941: Монгол Улсын Их сургуулийн бэлэдхэл анги;
1943: Цэргийн дарга нарын давтан сургууль;
1960-1961: Номын санч нарыг бэлэдхэх курс; (Монгол хэл бичиг, монголын эртний хууль цааз, Үндсэн хууль, Нутагийн захиргааны дүрэм ... зэрэг хичээл зааж байжээ)
ШУ-ны байгуулгаа олгосон цол
1943: Шинжлэх Ухааны хүрээлэнгийн сурвалжлагч гишүүн;
1946: Шинжлэх Ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн;
1951: Шинжлэх Ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч гишүүн.
Шагнал
1936: Засагийн Газарын хүндэт үнэмлэх;
1943: Сайд нарын Зөвлөлийн хүндэт жуух;
1944: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон;
1946: Хөдөлмөрийн хүндэт медаль, Хорин таван жилийн ойн медаль, "Бид ялав" медаль;
1951: Алтан гадас одон, 40 жилийн ойн медаль;
1961: Алтан гадас одон; Ойн бусад медалиуд ...
1967: Москва хотноо болсон Олон Улсын номын үзэсгэлэнгээс “Монгол хэлний товч тайлбар толь” III зэрэгийн диплом хүртжээ.
Намын гишүүний байдал
1924: Засагийн газарын дэргэдэх 8-р үүрт гишүүн; Намын 2-р шалгалтаар намаас хөөгдсөн. Дахиж элсээгүй
Улсад хариулан тусласан байдал
1939: Халх голын байлдааны үед цэргийн орон сууцны хэрэгцээнд таван ханат бүрэн гэр нэгийг зуух яндангийн хамт гэр бүлээрээ үнэ төлбөргүй сайн дураар туслажээ. (Хүлээн авсан комисс нь тэр үеийн ханшаар 1 300 төгрөг гэж үнэлэн бодсон баримт нь буй)
1968: Зохиолч Д. Нацагдоржийн Мүзей байгуулахад өөрийн сууж ажиллаж байсан бичигийн ширээгээ үзмэрт нь шилжүүлсэн бөгөөд уг ширээ одоо хүртэл тэнд буй.
1978-1984: 3 удаа тэр үеийн ханшаар нийт 100 000 төгрөгийг Хүүхдийн фонд болон 31-р сургуулийн номын санг өргөтгөхөд хандив өргөжээ .
1981: Улсын Төв Мүзейд Угсаатны зүйн тасаг шинээр байгуулахад өөрийн сууж байсан таван ханатай бүрэн гэрээ үнэ төлбөргүй бэлэглэжээ.

Бидний ажлыг ойлгон дэмжиж уг толийг ашиглахыг зөвшөөрөн, аавынхаа тухай дээрхи мэдээллийг өгсөн МУИС-ийн Монгол судлалын төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төрийн шагналт, доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн багшид гүнээ талархаж байна.

Creative Commons License
©2009-2014 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг