Я. Цэвэл 50 гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийхдээ Монгол хэлний үгсийн сан, найруулгазүй, түүх, угсаатны судлал, түүхэн газарзүй, соёл, монголын шинжлэх ухааны түүх, сурган хүмүүжүүлэх салбараар ажиллаж бие даасан ном, товхимол, өгүүлэл олныг нийтлүүлсэнээс гадна энэ хэр нийтийн хүртээл болж хэвлэгдэн гараагүй бүтээл нэлээд буй. Тэдгээр бүтээлүүд нь дараа дараагийн үеийнхиний судлагааны ажлын суурь болсоор ирсэн билээ. Тухайлбал: "Монгол хэлний товч тайлбар толь" нь 1966 оноос хойш дэлхийн олон оронд гарсан монгол хэлтэй холбогдол бүхий тольд үндсэн хэрэглэгдэхүүн болсоор иржээ. Уг толь 2002 онд монгол бичигээр БНХАУ-д дахин хэвлэгджээ.
Үүнээс гадна 1936-1937 онд хэвлүүлсэн номзүйн хоёр бүртгэл нь монголд шинэ цагийн Номзүйн суурийг тавьсан гэж үздэг.
Бидний ажлыг ойлгон дэмжиж уг толийг ашиглахыг зөвшөөрөн, аавынхаа тухай дээрхи мэдээллийг өгсөн МУИС-ийн Монгол судлалын төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төрийн шагналт, доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн багшид гүнээ талархаж байна.