морь, морин

  1. адгуус, засч агталсан адуу; зээрд морь; хурдан морь; жороо морь; эмнэг морь; тэрэгний морь; морьтой хүн; мориор явах; наадмын морь; морь уу гүү юү? сайн морь; морь мал, агт морь хорш.; морины сайныг унан байж мэд, хүний сайныг ханилан байж мэд хууч; морины жороо махаа барна, хүний жороо хүнсээ барна зүйр; морь уях (а. уралдах морийг сойх; б. бие засах): морь сойх (уралдааны морийг хагсааж биеий нь живхнүүлэх); морь тавих (а. уралдах газраас морь эхлэн гарах; б. унаа морийг идээшлүүлэхээр тавих буюу ижилд нь нийлүүлэх; би бор морио тавьж хонох юм байгаа; в. өөрийн морийг бусдын адуунд нийлүүлж адгуулгах); морь харах (бие засах); морь гаргах (уралдааны морьд уралдах газар руугаа явах); морь уралдах (морины хурдыг тэмцэх); морь тарлах (морь үсэргэх); морь үсэргэх (уралдах морийг довтолгон дасгаж сургах); морь хөлслөх (морьдыг давхиулан хөлсийг гаргах); морь барих (а. урадсан морийг барианы газар ирэхэд нь тосч барих; б. тавьсан морийг барьж авах); морин өртөө (мориор албан залгуулах үүрэг гүйцэтгэгч газар); морин тойруулга (уралдааны морьд тойрон уралдах газар); морины уяа (а. хурдны морь уях ажиллагаа; энэ морины уяа нь таарч байна; б. морь уях шон мод); морин тэрэг (моринд хөллөх тэрэг), морь хөтлөгч (морьт цэргийн дарга нарын морийг харж адуулах хүн); морин шил (том шилэн лонх); морин тармуур (морь оруулан хөллөж өвс тармах тармуур); морин цэрэг (морьт цэрэг): морин дивиз (морьт дивиз); морин хуур (монгол үндэсний нэгэн зүйл хөгжмийн зэвсэг); морин хийл (чавхдаст хөгжмийн нэг зэвсэг); морин дээгүүр (хурдан, яаруу); морин дэл дээгүүр (хурдлан, яаравчлан); морин зээргэнэ ургамал (цагаан буюу шар цэцэгтэй балт, анхилмал өвс); морин улаагана ургамал (агийн төрлийн нэгэн зүйл өвс); морин агь ургамал (агийн төрлийн нэгэн зүйл өвс); морин шарилж ургамал (жижиг хонгорцог цэцэгтэй, гашуун амттай, сэнгэнэсэн үнэртэй ногоо); морин шаваг ургамал (шавгийн төрлийн нэг зүйл том бут); морин хад ургамал (исгэлэндүү амттай, томхон жимсгэнэтэй, өргөстэй бут); морин хулгана амьтан (хээр талд орших нэг зүйл хулгана, билчээрт хорхой); морин хараацай амьтан (хараацайтай адил болоод маш том нэг зүйлийн шувуу, жихүүн газар оршиж чадна); морин мэлхий амьтан (мэлхийтэй адил болоод бие нь нарийхан, үүгүй, махыг иддэг); морин хэдгэнэ амьтан (торхи зөгийтэй адил болоод бие нь үстсэн морины ам хамар руу ордог нэгэн зүйл ялаа); морин зөгий амьтан (нарийвтар биетэй, шар хар эрээн зүстэй, хатгавал хортой нэгэн зүйл ялаа); морин хүрэлзгэнэ амьтан (үхэр хүрэлзгэнээс том, хар өнгөтэй нэг зүйл хүрэлзгэнэ); морин шоргоолж амьтан (том хар шоргоолж); морин шилүүс (нас гүйцсан том шилүүс); морин хонх (дүүжлүүр том хонх); морий нь унуулах (өвчний хүндрэхийг түргэтгэх):

  2. дорно зүгийн зурхайн ёсны арван хоёр жилийн долдугаар; морин жил;

  3. шатрын нэг бод; мориор нүүх; өрөөлтэй морины өшгөлөн шаг;

  4. шагааны хавиргаар босгосон нэгэн тал; морь босгох ).

alt text

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Алтанхуяг: 2009-08-25 06:58:16
  • tala: 2019-07-14 20:02:17

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх